Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Д. Даваасамбуу: Бид хойшоо суугаад, тэд яараад байгаа юм биш
25 Jul 2009

 

Олон улсын эдийн засагч Д. Даваасамбуутай дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага, тэдгээр нь Монголд өрнөж буй үйл явдалд хэрхэн нөлөөлөх  талаар ярилцаж, байр суурийг нь сонирхлоо.
 
 
Рио Тинто компанийн санхүүгийн байдал өнгөрсөн оноос ихээхэн муудаж,  хувьцааныхаа тодорхой хэсгийг  Хятад улсын төрийн мэдлийн компанид худалдах  сонирхолтой болсон. Ийм нөхцөл нь Оюутолгойн гэрээ хэлэлцээрт ямар байдлаар нөлөөлөх вэ?
 
Эхний ээлжинд нэг зүйлийг онцлон хэлье. Монгол улсад Рио Тинто компани өөрийн сонирхлыг бий болгох болсон нь зөвхөн манай улсад  төдийгүй дэлхий нийтээс бидэнд  итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа явдал юм. Рио Тинто бол дэлхийд эхний гуравт багтдаг компани. Шударга үйл ажиллагаа явуулдгаараа  дээгүүрт ордог  цэвэр компани. Олон мянган хувьцаа эзэмшигчтэй. Түүний дотор Хятадын “Чайналко” компани Рио Тинтогийн хувьцааг эзэмшдэг болсон. Рио Тинто санхүүгийн хувьд хүндэрсэн үү гэвэл хүндэрсэн.  Канадын цагаан тугалганы гигант  үйлдвэр Алкоаг 40 тэрбум ам. доллараар 2007 онд худалдаж авсан. Ингэж авснаас хойш жилийн дараа гэхэд дэлхийн уул уурхайн салбар нэлэнхүйдээ  хамгийн хүндээр дарамт авлаа. Эдийн засгийн хөгжлийн мөчлөгт түүхий эдийн  үнийн уналт , өсөлт ингэж ихээхэн хэлбэлздгийг харлаа.
Жишээ нь , 2008 оны долдугаар сарын 2-ны өдөр зэс хамгийн өндөр үнэтэй  буюу тонн нь 8900 ам.доллар болсон. Тэр үед бид яг сонгуулийн дараа , хөгжлийнхөө манлайд хүрэх боломж ойрхон байна гээд ярьцгааж байлаа. Гэтэл үүнээс гуравхан сарын дараа буюу оны сүүлээр зэсийн нөгөө айхтар өндөр  үнэ буурч, тонн нь   2800 , 2900 ам. доллар болсон. Энэ бол ганцхан зэс дээр тохиолдсон үйл явдал  бас биш юм.  Бүх түүхий эд дээр үнийн ийм савлагаа тохиолдсон. Үүнээс хамаараад бүх дэлхийн уул уурхайн салбарын үнэлгээ унасан. Хувьцааны үнэ хоёроос гурав дахин буюу дээд тал нь 80 гаруй хувиар унасан. Мөнгөн дүнгээр бол 1.7 триллионоор үнэ нь буурсан. Эдний дунд  хувьцаа нь хамгийн их  унасан нь  ОХУ-ын компаниуд, Хятадын компаниуд. Дараа нь Рио Тинто гэхчлэн том компаниудын хувьцаа унасан. Тэгэхээр хэд дахин өндөр өртөгтэй байхад нь Рио Тинто  тэр цагаан тугалганы үйлдвэрийг 40 тэрбум ам. доллараар авлаа. Аливаа  компаниуд,  тэр дотор том компаниуд ч ялгаагүй  зээлээр л үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. 40 тэрбумын  зээлийг эргээд төлөх болоход нөгөө барьцаалдаг хөрөнгийн чинь үнэ 3 дахин уначихсан  гэсэн үг. Тэгэхээр мөнгө олдохгүй байгаа байхгүй юу. Ийм учраас Рио Тинто дэлхий даяар мөнгө эрж байна. Дэлхийд  нэлээн их мөнгөтэй улс бол Хятад буюу Азийн орнууд. Хятад улсын “Чайналко” компаниас 20 шахам  тэрбум ам. долларыг санхүүжилтдээ авах тухай ярьж байсан. Үүний 7,2 тэрбум нь хөрвөх чадвартай бонд. Хувьцаанд ч хөрвөж болно , өөр газар шилжүүлж ч болно гэсэн үг.
Нөгөө хэсэг  нь хувьцаа. Энэ хувьцааг Австралийн төмрийн, Чилийн зэсийн ордод оруулна гэж мэдээлэгдсэн. Ингэснээр  Рио Тинтод “Чайналко”-гийн эзлэх хувийн жин 20 шахам хувь болох юм. Гэхдээ Рио Тинтогийн удирдлагаас энэ хэлэлцээрийн явцад  тавьж байгаа шаардлага бий. Тус компанийн үйл ажиллагаанд  хөндлөнгийн болоод, ер нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөл тавьсан. Өөрөөр хэлбэл, Рио Тинтогоос Хятадын талд тавьж буй хамгийн гол урьдчилсан нөхцөл бол дэлхий нийтийн түүхий эдийн үнийг тогтооход нөлөөлөхгүй гэдэг амлалт авч байгаа. Ингэж амлалт авах жишиг бол дэлхий нийтэд байдаг.
Япон ч бас түүхий эдээ Австралиас авдаг. Тийм учраас Австралийн томоохон компаниуд эдийн засгийн хүндрэлд орох үедээ  Япон улсаас иймэрхүү хэмжээний санхүүгийн  тусламж авдаг. Тэгээд нэг тохирдог зүйл нь  үйл ажиллагаа явуулахад хөндлөнгөөс дарамт үзүүлж болохгүй, үнэ тарифаа олон улсын зах зээлийн жишгийн дагуу том том хэрэглэгчидтэйгээ тохирдгоороо тохирч явна шүү гэдэг. Гэрээний хүрээн дэх ийм тохиролцоог Рио Тинто ба “Чайналко” хоёр хийгээд байсан. Гэхдээ хамгийн сүүлийн мэдээллээр бол Рио Тинто “Чайналко”-гоос 19 тэрбумыг авахаа болиод, өөр эх үүсвэр олохоор шийдвэрлэж байх шиг байна.
 
Рио Тинто компанид “Чайналко”-гийн эзэмшихийг хүсч байсан  20 хувь шийдвэр гаргахад нөлөөлөх үү?
 
Компанийн  үйл ажиллагаанд хөндлөнгөөс  оролцохгүй гэдэг маань шийдвэр гаргахад нөлөөлөхгүй гэсэн амлалт. Мэргэжлийн компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй  гэсэн ийм дүрэм байдаг л даа. Гэхдээ энэ хувьцаа авах, өгөх явдал нэлээд сунжсан. Зургадугаар сарын сүүлээс нааш авч чадахгүй гэж яригдаж байлаа. Рин Тинтогийн ихэнх хувьцаа эзэмшигчид нь Лондонд төдийгүй, Австралид байдаг. Тэгэхээр Австралийн Засгийн газар энэхүү худалдан авалтыг зөвшөөрөх үү , үгүй юу гэдгээ зургадугаар сарын 20-доор шийдэх ёстой. Австралийн Гадаад хөрөнгө оруулалтыг хянан зохицуулах  агентлаг гэж байдаг. Тус агентлаг зургадугаар сард эцсийн шийдвэрээ өгөх ёстой байв.  
Дээр дурдсан, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохгүй гэх зэрэг  нөхцөлийг сонссоны дараа Лондон дахь Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчид “өнөө маргаашдаа мөнгө хэрэгтэй бол авч бай” гэсэн зөвшөөрөл өгсөн байгаа юм. Компанийн 40 тэрбум ам. долларын өрнөөс энэ жил хуваарь ёсоор 8-10 тэрбум ам. долларыг   төлөх ёстой гэсэн. Гэхдээ нэг анхаарууштай зүйл нь  уул уурхайн компаниудын рейтинг саяхан гарсан байна лээ. Хамгийн нэгдүгээрт BHP Billiton 3.1 орчим оноотой , харин Рио Тинто бол 2.9 байна. Тэгэхээр их хэмжээний өртэй ч гэсэн бас л рейтинг дээгүүр хэвээрээ явна. Цаашид хувьцааны үнэ  өсөөд ирвэл түүнээ  барьцаалаад зээл авахад 40 тэрбум долларын өр бол том компанийн хувьд тийм ч хэцүү даваа  биш. Яг өнөөгийн нөхцөлд мөнгөний олдоц ховор  учраас зээлийн хүү нь өндөр байгаа. Дэлхийн зах зээл дээр  түүхий эдийн үнэ эргээд 20, 30 хувиар өсчихлөө. Ингээд өсөөд ирэхээр  том компаниудад мөнгөний олдоц сайжраад ирнэ. Тийм учраас Рио Тинто “Чайналко”-той зээлийн хүүг бууруулах талаар эргээд хэлэлцээр хийж таарна. Хэвлэлүүдэд  ч  энэ талаар нэлээд бичсэн шүү дээ. Зэсийн үнэ нэлээд өсөөд ирэх юм бол заавал Хятадаас  мөнгө авах ч хэрэггүй болох талтай юм. Тийм учраас Австралийн Засгийн газар зах зээл жаахан дээшилж магадгүй хэмээн хүлээзнэж, зургадугаар  сар хүртэл шийдвэр гаргахгүй гэсэн нь тэр байх. Товчдоо бол энд их том наймаа арилжааны асуудал явагдаж байгаа юм аа.
Биднийг ярилцаж байх энэ мөчид, Рио Тинто Австрали дахь Iron ore уурхайнхаа 50 хувийг BHP-д худалдаж, 15 тэрбум доллар босгох болж байгаа мэдээ дуулдаж эхэллээ. Тэгэхээр Рио Тинто “ Чайналко”-д торгуулийн хүү төлөөд салах бололтой. Ингэвэл нэг хэсэгтээ BHP, Рио Тинто, Vale зэрэг аваргууд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийг тогтоосоор байх нь ээ.
 
Үндэстэн дамнасан том компаниудын хувьцааг цуглуулж авах нь  Хятад улсад  ямар ашигтай  вэ. Жишээ нь Рио Тинтогийн  20 хувийг эзэмшлээ гэхэд тэр нь  шийдвэр гаргах түвшний багц  биш шүү дээ?
 
Мэдээж Хятадад ашигтай. Энд  улс төрийн том бодлого  байна. Дэлхийн голлох түүхий эд нийлүүлэгчдийг өөртөө татах оролдлого хийж байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл,  Хятад улс  түүхий эдийнхээ нөөцийг баталгаажуулахыг эрмэлзэж байна.  Энэ нэг ашиг нь. Нөгөө талаас,  Рио Тинтод ч бас Хятад улс хэрэгтэй. Хятадад үйл ажиллагаа явуулахад төвөгтэй гэдэг утгаар энэ том зах зээлд өөрийн гэсэн хамтрагч, партнёртой байх ёстой.
 
 
Зэсийн үнэ нэлээн өсөөд эхэллээ. Энэ хандлагыг Хятад улс нөөцөө нэмэгдүүлэх гэсэн арга хэмжээний үр дүн гэж ойлгох уу. Эсвэл ер нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тогтвортой өсөөд эхэллээ гэж ойлгож болох  уу?
 
Зэс гэдэг чинь дэлхийн эдийн засгийн байдлыг  харуулдаг маш том индикатор. Дэлхийн хөгжлийг авч явдаг салбаруудад голлож зэсийг хэрэглэдэг. Барилгын салбарт  хэрэглэдэг бүхий л эд анги, тэр дундаа сантехникийн болон цахилгаан дамжуулалт сайтай зэвэрдэггүй кабель утсыг чухамдаа зэсээр л хийдэг. Бүх машины үйлдвэр, цахилгаанаар ажилладаг техникүүдийн гол түүхий эд нь зэс. Тиймээс зэсийн  үнийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн гол хүчин зүйл болдог. Дэлхийн эдийн засаг сэргэвэл зэсийн үнэ нэмэгдэнэ. Олонх шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засаг сэргэлтийн шатандаа орлоо. Гэхдээ энэхүү  үнийн өсөлт нь аажмаар , харьцангуй урт  хугацаа авч байж  сэргэнэ гэсэн  дүгнэлт хийж байгаа.

Хятадаас болгоомжилж л байгаа  юм бол Рио Тинтогоос илүү найдвартай бамбай бидэнд олдохгүй

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний эхний шатанд гадаад нөхцөл байдал ихээхэн хүнд байсан. Өнгөрсөн оны сүүл, энэ оны нэгдүгээр сартай харьцуулбал одоо эдийн засгийн байдал нэлээд өөрчлөгджээ. Ийм эерэг хандлага нь хэлэлцээрийн хоёрдугаар үе шатанд хэрхэн нөлөөлөх вэ?
 
Нөлөө бий. Хөрөнгө оруулагч  талаас тавьж байгаа хатуу нөхцөлийг жаахан зөөлрүүлэх бололцоо харагдаж  байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар ба энэ оны нэг,  хоёрдугаар сард дэлхийд мөнгө олдохгүй маш хэцүү байлаа шүү дээ. Тийм учраас хөрөнгө оруулагч тал манайд хувьцаа өгч , тэрхүү  хувьцаанд нь олгож буй зээл маш өндөр хүүтэй байсан.  Одоо бол мөнгөний олдоц харьцангуй нэмэгдсэнээр хүү нь хямдрах талтай.
Нөгөө талаар , хөрөнгө оруулагч тал санхүүжилтээ  олохыг хүлээж байгаа учраас өөрсдөө яарахгүй байна. Уурхайн чиглэлийн гол ажлыг л тэд хийгээд явж байгаа. Бид хойшоо суугаад ,тэд яараад байгаа юм ерөөсөө биш. Хэрэг дээрээ  хөрөнгө оруулагч тал л яарахгүй байгаа. Хөрөнгө мөнгөний олдоц  муу байгаа учраас.
Гэхдээ үнийн өсөлтийн мөчлөг дараагийн дээд шугамд хүрэхээс өмнө үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан байх ёстой. Үүнийг бол нөгөө тал ч бодож байгаа, манай тал ч бодож байгаа.
 
Оюутолгойг яваандаа хятадууд эзэмшинэ. Ер нь “Рио Тинто”-гийн ард хятадууд ямагт байж, Хятадтай  ямар нэг хэмжээгээр холбогдоно гэсэн болгоомжлол байдаг?
 
Ийм болгоомжлол байж болно. Гэхдээ Хятад гэдэг чинь бас дайсан биш. Манай улсын  нэг  харилцагч . Хамгийн гол нь дэлхий өөрийнхөө хөгжлийн жамаар л явна. Өндөр хөгжилтэй орон дэлхийд бас л ноёрхоно шүү дээ. Гэхдээ Рио Тинтогоос өөр компаниар монголчууд Оюутолгойгоо дамжуулах тохиолдолд  тэр болгоомжлоод байгаа  Хятадын ноёрхол чинь илүү бодитой орж ирнэ. Тийм учраас дэлхийд ноёрхдог компаниар л бид бамбай барина уу гэхээс биш өөр хэнийгээ өмнөө барих юм. Хамгийн том бамбай чинь энэ үндэстэн дамнасан том компани өөрөө. Үнэхээр Хятадаас тэгж  айгаад  л байгаа юм бол.
 
Эдийн засгийн хямрал уул уурхайн, ялангуяа зэсийн том үйлдвэрлэгчдэд  хэрхэн нөлөөлсөн бэ?
 
Тонн зэсийн үнэ 2800, 3000 ам. доллар болж унаж байх үед  бол өртөг зардал нь борлуулалтын үнээсээ хэтэрч ,  маш олон үйлдвэр зогссон . Техник технологийн шинэчлэлт хийж эхэлсэн газрууд ч бий. Ер нь зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн хувьд 100-гаас дээш тэрбум ам. долларын  алдагдлын эсвэл үнэлгээ нь буурсан тооцоо гарна.
Рио Тинто цөөнгүй  төслүүдээ хаасан , царцаасан тухай мэдээллүүд  гарч байгаа?
Үр ашиг муутай олон төсөл, бас уурхай байдаг гэсэн. Хамгийн гол нь “Алкоа”  компанитай холбоотой том алдагдал хүлээж байна.  Түүнчлэн Рио Тинто нефтийн салбарт багахан ажилладаг байх.  Мөн жижиг салбаруудтай. Тэр салбаруудаа  зарах оролдлого хийж байгаа. Гэхдээ нэгэнт үнэ хямдарчихсан үед юмаа худалдахыг хүсэхгүй байж болох юм.  Үнэ жаахан өсөхөөр нь худалдъя гээд. Зах зээл өөрчлөгдөх тохиолдол болгонд  дараагийн алхмаа тооцоолох , төлөвлөх шаардлагатай болно шүү дээ.  
 
Хямралын өмнөхөн BHP  Рио Тинтог  худалдаж авах санал тавьсан шүү дээ.  Уг саналаас нь дэмий татгалзсан юм гэж  Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчид шүүмжлэх хандлага  гарч байсан. Саналыг хүлээж авсан бол  хямралын үед хүнд байдалд орохгүй байсан  гэж хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагыг буруутгасан. Зах зээлийн шинжээчийн хувьд Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
 
Ер нь энэ хоёр компанийг нийлэх явдалд гол хэрэглэгчид, тухайлбал Хятад улс, Европын зарим орон,  Япон  зэрэг нь  их дургүй байсан. Тийм учраас энэ хоёр компанийн хувьцаа зээмшигчдэд шахалт үзүүлсэн л дээ. Нийлж болохгүй гэж. Нөгөө талаас Европын холбоо, АНУ, Австрали , Япон зэрэг улсын Өрсөлдөөний тухай хуулиуд нь  бүгд хоорондоо уялдаатай , нэг нэгэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тухайлбал, Европын холбооны Өрсөлдөөний хуулийн дагуу Европын холбооноос уг хоёр компани нэгдэх зөвшөөрөл авахад маш хэцүү. Энэ хоёр том компани нийлэхээр дэндүү том монополь дэлхийд бий болчихно гээд бүгд л эсэргүүцнэ. Ялангуяа гол хэрэглэгч болох Хятад улс бол бүр их  эсэргүүцнэ. Гэхдээ л нийлэх боломж нээлттэй, энэ нь бидэнд муугүй байх аа.
 
 Рио Тинтогийн   тодорхой хувийг “Чайналко” эзэмших тохиолдолд   Хятад улс цаашид тэрхүү  хувиа  нэмэгдүүлэх оролдлого хийх үү ?
 
Одоо бол 9 хувийг нь авчихсан байгаа. Түүнийгээ 19.9 болгох гээд оролдож  байна. Түүхий эдийг үйлдвэрлэлд нийлүүлдэг мэргэжлийн компаниуд дэлхийд байдаг. Түүхий эдийн тэр мэргэжлийн компаниудад хятадууд орж, хувьцаа эзэмших  сонирхолтой. Нөгөө талаасаа,  дэлхийн энэ том компаниуд ч бас Хятадын зах зээлд  орох сонирхолтой. Тэгэхээр тухайн компани өөрөө үнээ зохицуулж байхын тулд тэр болгон Хятадыг толгой дээрээ гаргахгүй л дээ. Хятад улсын хувьд Рио Тинтод эзэмших хувиа нэмэгдүүлэх сонирхол бол мэдээж байлгүй яахав.
 
 
Монголын ашигт малтмалыг олборлогч  ба худалдан авагч нь ганц субъект болчих вий гэдэгт хүн бүр санаа зовж байгаа?
 
Уг нь тийм. Гэтэл одоо харж байхад тэр санаа зовж байгаа зүйлийнхээ  бүр эсрэгээр  ажиллаад байна шүү дээ.  Рио Тинто ч юмуу , барууны итгэлтэй, том хөрөнгө оруулагчийг нутагтаа оруулъя гэхээр түүнийг  эсэргүүцэх хүчин  ажиллаад байна шүү дээ.
 
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа монголчуудад  шууд  өгөөжөө  өгч чадах уу. Хэсэг хугацааны дараа ашгаа өгнө гэж байгаа. Тэр нь юунаас шалтгаалах ёстой  хугацаа юм бэ?
 
Энэ чинь өөрөө технологийн асуудал. Үүнийг хэн ч тодорхой хэлж чадахгүй. Орчин үед арай нарийн технологиуд гарчихсан учраас шууд хайгуулынхаа ажлыг давхар уурхайтайгаа холбоод явдаг болж.  1200 метрийн гүнд  10- 20 тоннын  даацтай 4-5 машин оруулаад,   нөгөө диагналаа холбоод явахыг би өөрөө уурхайд очиж үзсэн.  Хайгуулын  зардлыг манай хуулиар бол хоёр, гурван жилийн дотор өртөгт оруулах ёстой. Харин Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол 7 жил хүртэл оруулж болно гэсэн байна лээ. Аажмаар , бага багаар өртөгт оруулсан тохиолдолд бол  уурхай эхнээсээ  ашигтай ажиллаж болно. Ийм нөхцөлийг  манай Засгийн газар зөвшөөрвөл уурхай эхнээсээ бага багаар ашигтай ажиллаад эхэлнэ . Тэгэхээр технологийн асуудлыг гэрээнд яаж шийдэхээс хамаарна.
 
Гэрээний төсөлд янз бүрийн татварууд дурдагджээ. Нийтдээ Монгол улсад ирэх өгөөж  нь  76  хувь  байна гэсэн  багцааг Ажлын хэсгийн ахлагч Д. Зоригт хэлж байсан. Энэ хэр бодитой тооцоо вэ?
 
Манайд ногдох ашиг нь хэд байх вэ гэдэг шууд хамаарах нэгдүгээр хүчин зүйл бол  зэсийн үнэ. Зэсийн үнэ бага байгаа үед манайх роялти  татвар авч байгаагаас ногдох ашиг их юм шиг харагдана. Үнэ 5000 ам. доллараас  дээш гарахад манайд ногдох татвар нь 50 хувь хүрэхгүй. 6000 хүрвэл бүр багасаад ирнэ. Тиймээс үнэ өсөөд ирэх үед нь бид  нөөцийн нэмэгдэл татвар тогтооно гэсэн. Ийм татвар тогтоохоор гэрээний төсөлд заасан байгаа. Үүнийг сайжруулаад тохирох нь чухал.
УИХ-ын дарга хөрөнгө оруулагч талтай уулзахдаа хэлсэн шүү дээ. Нийт ашгийн 55 хувиас доошгүй хэмжээг  Монголд өгнө гээд тохирчих. Тэрнээс доошоо болбол эргэж хэлэлцээрээ хийе. Бүх татвараа авдгаараа авъя. Үнэ өсөөд ирэхээр  манай татвар багасаад ирнэ.  Зэсийн үнэ 3500 ам. доллар байхаар  бодож хийхэд  76 хувийн өгөөж Монгол ирнэ гэдэг үнэн байж магадгүй. . Харин 4000 ам. доллар хүрээд ирвэл 50, 5000 ам. доллар болох үед манайд ногдох ашиг 30 хувь руу унана. Манай улсын татварын хувь хэмжээ бага юм чинь. Тийм учраас УИХ-ын дарга нийт ашгийн 55 хувиас доошгүйг авах тухай зарчмын асуудал ярьсан юм. Үүнээс өөр янз бүрийн тоо яриад яахав.

Тавантолгой дахь цахилгаан станц туйлаас чухал шүү

Уурхайн эргэн тойронд  дэд бүтцийн асар их бүтээн байгуулалтууд өрнөнө. Тиймээс том төслүүдийн талаар  яригдаад эхэллээ. Жишээ нь , Хятад улсаас нийтдээ нэг тэрбум ам.долларын зээл авч, орд газруудын төслүүдэд оруулахаар  анхны яриа хэлэлцээр нь явагдаж байна. Дэд бүтцийн асуудал  дээр бид ямар байр суурьтай хандах ёстой вэ?
Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэр дээр гурван зүйлээр манайд тусах үр ашиг нь  тодорхойлогдоно. Нэгдүгээрт, нийт гарч байгаа ашгийн манайд ногдох хувь хэмжээ хэдий хэмжээтэй байна вэ. Энэ нь дор хаяж 50-иас доошгүй хувь байх шаардлагатай.
Хоёрдугаарт,  зэсийн баяжмалыг үйлдвэрлэхэд , уурхайг ажиллуулахад  Монголын талаас үзүүлж буй үйлчилгээ, нийлүүлж байгаа бараа өндөр түвшинд байх ёстой. Аливаа уул уурхай, металлургийн салбарын хамгийн өртөг зардал ихтэй хэсэг нь  эрчим хүч байдаг. Тийм учраас Монгол улс өөрийнхөө хөрөнгөөр , гадаадын  зээл тусламжийн хөрөнгөөр уурхай дээр цахилгаан станцаа өөрөө барьж , Тавантолгой, Оюутолгойн цахилгааны эх үүсвэрийг Монгол улсын Засгийн газар бие даан хангах шаардлагатай.  Ингэвэл үндэсний эрх ашигт нийцэх бөгөөд Монголд ногдох үр ашиг хамаагүй нэмэгдэнэ. Тийм ч учраас Тавантолгойн нүүрсний ордын тодорхой хэсгийг Засгийн газар авсан. Би бодохдоо энэ нүүрснийхээ ордыг ашиглаад,  цахилгаан станц байгуулах нь ээ гэж ойлгож  байгаа. Тавантолгойн цахилгаан станц байгуулах санхүүжилтийг  бол гурав дахь зах зээлээс босгох хэрэгтэй. Европын шинэчлэл, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк , эсвэл хөгжлийн зээлийн зах зээлээс тэр хөрөнгийг олох шаардлагатай.
Гуравдугаарт, Манайд шинэ технологи, мэдлэг, ажлын арга барил, туршлага хуримтлагдсан байх учиртай.
Шивээ- Овоод асар их нүүрс байна. Тэнд бол  хятадууд ирж цахилгаан станц барих тухай ярих юм гэж сонссон. Миний мэдэхийн үнийн асуудал байдаг. Хөрш орнууд дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах нь чухал бөгөөд ихээхэн ирээдүйтэй зүйл болно.
 
Говийн өмнөдөд ойрын үед хоёр том станц босох нь гэж ойлгож болох уу?
 
Зах зээл нь олдоод, хөрөнгө хүч нь хүрэлцвэл хоёр битгий хэл баримаар байна. Хятадууд манайхаас эрчим хүч авах сонирхолтой байгаа бол Шивээ -Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станцаа барихыг манайхан санал болгожээ гэж ойлгосон. Бид бол харин 400 -600 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгой дээрх Монгол улсынхаа нүүрсний нөөц дээр түшиглэж , Монгол өөрөө цаашдаа эзэмшиж ашиглахаар бодож барихгүй бол болохгүй. Оюутолгой дээр  хэн ноёрхох билээ? Рио Тинто  , Айвенхоу Майнз ноёрхоно. Төмөр зам дээр  “Энержи  ресурс” групп ноёрхох гэж байна. Тэр нь Монголын компани , “Энержи Ресурс Риал”-ийн тавих төмөр зам бол Хятадын Бугатын гангийн үйлдвэрт  хүрэх хамгийн дөт зам.
Төмөр замаас гадна хамгийн чухал өөр нэг элементийг нь Монгол улс авах гээд  оролдоод байна шүү дээ. Тэр нь эрчим хүч. Тийм учраас Тавантолгойн цахилгаан станцыг Монголын Засгийн газар өөрөө  барих хэрэгтэй. Станцуудаа  монголчууд ажиллуулаад сурчихсан биз дээ. Санхүүжилтийг  нь босгоод  өгөх Засгийн газар, олон улсын банкууд бэлэн байна. Яагаад гэвэл хэрэглэгч хажууд нь байж байна шүү дээ. Тавантолгой, Оюутолгой  байна. Германы техникийн хяналттайгаар хийх гэж байгаа  “Энержи Ресурс”-ийн орчин үеийн  зам чинь  цахилгаан төмөр зам болно. Тэнд бас цахилгаан нийлүүлнэ.
 
Хэрвээ Тавантолгойд эрчим хүчний том цогцолбор барина гэвэл хэр хугацаа шаардах төсөл юм?
 
Станциа эхлээд баривал хоёр жилийн л асуудал биз.  
 
Тийм богино хугацаанд байгуулах боломжтой юу?
 
Тэгэлгүй яахав.
 
Асар их хөрөнгө хэрэгтэй. Багцаа байж болох уу?
 
Ер нь цахилгаан станц байгуулах зардал ойролцоогоор нэг мегаватад 600.0 мянгаас нэг сая ам.доллар гэж тооцдог байх аа.
 
Хүчин чадал нь тухайлбал, Шивээ –Овоогийн станцаас  хэд дахин их байх  вэ?
 
Шивээ- Овоог түшиглэн байгуулах станц бол  сая мегаватт  хүчин чадалтай байж болно. Яагаад гэхээр Хятадын хэрэгцээ их байж болно. Тэгвэл Оюутолгой, Тавантолгойн цахилгааны хэрэгцээ  мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар дээд тал нь 600 мегаватт. Өөрөөр хэлбэл Монгол улс өнөөдөр 600 орчим мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ  хэмжээний эрчмийг  тэнд үйлдвэрлэх гэж байна гэсэн үг. Хэрэв үүнээс илүү үйлдвэрлээд , Хятад экспортолж авбал сайн л биз. Гэхдээ Хятад улс авна гэж бодож үйлдвэрлэх нь гол асуудал биш. Хамгийн гол нь Оюутолгой, Тавантолгойн уурхай ба төмөр зам, хажууд нь 60 - 80 мянган хүнтэй хот суурин бий болно. Тэр бүхний  цахилгааны хэрэгцээг хангах хэрэгтэй.
 
Төвийн эрчим хүчтэй  холбох ёстой юу?
 
Дундговиор наашаа төвдөө холбочихно шүү дээ.
 
Эрчим хүчний ийм том төслүүд хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчээ арилжааны хэлбэрт оруулах ёстой юу?
 
Мэдээж Хятадаас ч юм уу, гаднаас зээл авахын тулд   арилжааны хэлбэрт оруулж байж төслийг санхүүжүүлэх  хөрөнгө босгоно.  Орлогыг тусад нь тооцож байж, авсан зээлээ төлнө  гэсэн үг.
 
Тэгэхээр хэрэглэгч бид ч гэсэн арилжааны горимд шилжсэн төлбөр өгч таарах нь ээ?
 
Ер нь бол төвийн эрчим хүчний системээс эрчим хүч авсны төлбөрт  өнөөдөр хэрэглэгч бид нар нэг киловаттад 60-70 төгрөг төлж байгаа. Энэ нь олон улсын хэмжээний үнэд хүрчихсэн тоо. Тэгэхээр эрчим хүчний салбар өөрөө эхлээд арилжааны горимд шилжих хэрэгтэй. Өртөг зардлаа хямдруулж , гаднаас үнэтэй зүйл шахдаг арга хэлбэрээ  болих хэрэгтэй.   Арилжааны хэлбэрт шилжинэ  гэдэг чинь хэрэглэгчдийн төлөх үнийг  нэмнэ гэсэн үг биш. Арилжааны хэлбэр гэдэг маань эрчим хүчний салбар бүхэлдээ  өртөг зардалдаа хяналт  тавьж сурах тухай асуудал юм.
 
Долдугаар сарын 1-ээс эрчим хүчний үнийг нэмнэ гэсэн шүү дээ?
 
Өөрснөө өртөг зардалдаа хяналт тавих хэрэгтэй шүү дээ. Эрчим хүчний салбарын  монополийг задлах ёстой.

Монгол улс төмөр замын бодлогоо бие дааж явуулах ёстой

Орд газруудаас авсан түүхий эдийг  бид  гуравдагч зах зээлд гаргахын тулд транзит тээврийн хэлэлцээр, энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой юу?
 
Хамгийн ойрхон зах зээл маань  Хятад. Хятадаар дамжуулаад , цаашаа нэвтрүүлэхэд  маш ойрхон.
 
Гол нь Хятад нэвтрүүлэх үү?
 
Хятад улс гэдэг чинь дэлхийд нэр хүндтэй , олон улсын зах зээлд шилжчихсэн, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, НҮБ-ын хүрээний эдийн засгийн байгууллагад  орсон,  дэлхийд амлалт энэ тэрээ авчихсан улс шүү дээ.  Монгол шиг жижиг айлын нүүрсийг нэвтрүүлэхгүй гэж шившиг болохгүй. Болгоомжлол байлгүй л яахав. Гэхдээ тэр чинь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс байж Монголын жаахан нүүрсийг нэвтрүүлэхгүй гэхгүй.  Тээвэр хийж , тэд өөрсдөө мөнгө олохыг хүснэ  биз дээ.
 НҮБ-ын хүрээнд бүртгэгдсэн олон улсын хэлэлцээртэй. Тэрхүү хэлэлцээрт  Тянжиний  боомтод  Монголд  давуу эрх олгож хөгжүүлнэ, Монгол улс дэлхийн зах зээлд гарахдаа Тянжиний боомтыг чөлөөтэй ашиглана гээд хэлэлцээр хийгээд, Хятад улсын хүлээгээд авчихсан үүрэг байгаа шүү дээ.
 
Тавантолгойн нүүрсийг зөөвөрлөх төмөр замын хоёр дахь маршрут нь Зүүн хойд Азийн эрчмийн хэрэглээнд коксжих нүүрсээ гаргахад зориулагдана гэсэн. Энэ хэр бодитой төсөл вэ. Асар их өртөгтэй том төсөл боловч санхүүжүүлэгчгүй болж байх шиг байна ?
 
Бүтэх боломжтой. Гэхдээ ээлж дараатай ярья. Эхний  таван жилд бид хөл дээрээ зогсох хэрэгтэй. Түүнээс биш тээр алсын  юм хараад , наана нь байгаа гол ажлаа хийхгүй  унагаад байж болохгүй.
 
Эхлээд төмөр замын асуудлаа шийдэж байж , дараа нь Тавантолгойн шалгаруулалтын хоёрдугаар хэлэлцээрийг хийнэ гэж байгаа шүү дээ?
 
Хэрэв Зүүн хойд Ази руу замаа тавьчихаад нүүрсээ ашиглана гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй байх аа.
 
Яг ийм зорилгоор л  Ерөнхий сайд В. Путин Монголд айлчилж,  Оросын олон компанийн төлөөлөгчид Монголд ирсэн шүү дээ?
Оросууд төмөр замаа барих гэж байгаа бол маш сайн хэрэг. Бид өөрөө бие даасан төмөр замтай байх ёстой. Монгол  бие даасан улс. Төмөр замын хувьд манай бие даасан бодлого байх ёстой. Төмөр замтай оросууд хамтрах гэж байгаа,  хөрөнгө  боломж нь байгаа бол талархан хүлээж авууштай. Энэ асуудал дээр бол харин би зарчмын байр суурьтай байгаа. Монгол улс төмөр замын бодлогоо  бие дааж явуулах ёстой шүү. Тавантолгойгоос урагшаа төмөр зам тавих нь нэн чухал бөгөөд тэндээс манай үндсэн төмөр замтай холбоход Оросыг туслаач,  цааш нь урагшаа  бид төмөр зам тавилаа шүү гэж яриад байгаа юм биш үү. Тэр бол тавихаас өөр арга байхгүй чухал маршрут, Монголын хувьд.
 
Эхний ээлжийн зорилт бол тэр үү?
Эхнийх ч гэх юм байхгүй, ирээдүйн ч зорилт. Тэр цаашаа явж байгаа зам чинь Хятадын  төмөр замтай холбогдчихно. Тэгээд  шууд Тянжин орно. Тэндээсээ Зүүн хойд Ази руу дөхөм болно.
 
Хятадын гангийн үйлдвэрлэл гүнээсээ нутгийнхаа хойд чиглэл рүү аажмаар шилжиж байна.  Хятадын хөгжлийн өөрчлөлтийн чиг хандлага манай түүхий эдийн үнэ ханшид нөлөөлөх үү? Манайд таатай нөхцөл боломж бүрдүүлж өгөх үү?
 
Улам л таатай болно. Үйлдвэрүүд  наашаа ойртож ирэхээр тээврийн зардал багасна. Жишээ нь Бугатын гангийн үйлдвэр коксжих нүүрсээ одоо Австралиас авч байгаа. Асар холоос. Тэгэхээр нь бид манайхаас ав гээд , цааш нь бүр Японд нүүрсээ нийлүүлье гэж бодъё. Уг нь одоо Австралиас Японд нүүрс нийлүүлж байгаа шүү дээ. Бугатад хаа байсан Австралиас нийлүүлдэг нүүрсийг   манайх энүүхнээс өгчихөөр тээврийн зардал хямдарна. Үүнийг чинь л бүс нутгийн интеграц гэдэг. Үндэстэн дамнасан том компаниудыг Монголын уул уурхайд оруулах гээд байгаа чинь өртөг зардлыг хямдруулж , бүс нутгийн интеграцид  Монгол улсаа нэгтгэх гээд байгаа зорилготой.
Манай уурхайн аман дээр 20 гаруй доллар гэж  байгаа нүүрс тээр холуур тойрч явсаар 80 долларын үнэтэй болж байгаа.  Тээврийн зардалд бүх юм нь явчихаад байна. Монголын төмөр замаар дамжаад,  Эрээнээр ,  тэгээд тойрч явсаар Бугат хүрдэг.  Хэрэв  нүүрсээ үйлдвэрт нь шууд өгчих юм бол хүргэлтийн 20 ам. долларын өртгийг хасаад , 60 ам.доллар нь манайд орно. Авч болох  60 доллараа заавал 20 болгох гээд байгааг ойлгохгүй байна.

“Энержи ресурс Риал”-ын төмөр замын ажилд баяр хүргэе!
 
Та тэгэхээр хойд чиглэлийн төмөр замын төслийг ирээдүйтэй гэж үзэхгүй байна уу?
 
Нэлээн том ажил. Гэхдээ Тавантолгойн коксжих нүүрсийг урагшаа гаргахад тэр зам хэрэггүй. Хятад ба ОХУ-д хоёуланд нь коксжих нүүрс хэрэгтэй. Тийм учраас эхлээд үндсэн төмөр замтайгаа  холбоё гэж хэлж байгаа юм. Үндсэн зам руу татах төмөр замын шугамыг түргэн бариад өгөөч гээд байгаа юм.  Ази руу манай коксжих нүүрсийг гарах хамгийн ойрхон зам нь урагшаа шүү дээ.
 
Энэ чинь УИХ дээр хэлэлцэгдээд , төрийн бодлого болон  яригдаад шийдэгдэх ёстой асуудал байсан биз дээ. Хойд чиглэлд , Чойбалсангаар дамжуулаад төмөр зам тавих нь шийдэгдсэн учраас тэр төслийг Засгийн газар оросуудтай  яриад явж байгаа биз дээ?
 
Урагшаа ч зам байна, хоёр тийшээ зам байгуулна гээд шийдэгдчихсэн. Эхний ээлжинд , Засгийн газарт мөнгө байхгүй юм чинь “Энержи Ресурс”-ыг  замаа тавьж байгаач гээд хэлчихлээ. Оросыг мөн өргөн төмөр замаа тавиад өгөөч гээд хамтарсан компани байгуулчихлаа. Одоо  ажлаа түргэн эхлэхийг нь л хүлээж байна.
 
Төмөр замдаа Монгол улс  эзэн байх ёстой гэж Та хэлж байна. 50: 50 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд эзэн байж чадах юм уу?
Манай нутагт байгаа юм чинь эзэн нь байлгүй яахав. Эзэн гэдэг нь манайх ашиглаж байх ёстой гэсэн үг. Өртөг зардал нь манайх. Өөрийнхөө нутаг дээр байгаа юман дээр хэн ч мөнгөө оруулсан байсан бид нарын юм. Жишээ нь Англид гэхэд “Тоёота”-гийн үйлдвэрүүд ажиллаж байна. Тэр чинь хэний үйлдвэр юм бэ. Их Британичууд ажиллаж байгаа учраас Английн үйлдвэр.
 
“Энержи Ресурс Риал” компани  Ухаа худагаас Гашуун Сухайт  хүртэл барих төмөр  замын ач холбогдол асар өндөр гэж үзэж байна уу?
 
Хамгийн нэгдүгээр асуудал. Энэ ажилд маш их баяр хүргэх хэрэгтэй.  200-гаад км зам учир  нэг жилийн дотор л барьчих байх. Хойтон  жилийн өдийд ашиглалтад оруулж байх байлгүй. Харин тэр замыг цахилгаанаар хангахын тулд Засгийн газар станцаа түрэгхэн шиг баримаар байна.
 
Тавантолгойн тендерт бараг тив болгоноос компаниуд оролцох хүсэлтээ илэрхийлж байна. Энд бид геополитикийн ямар бодлого барих ёстой вэ?
 
Түрүүн өөрөө алтан зарчим яриад байлаа шүү дээ. Хэрэглэгч, үйлдвэрлэгч газар нэг байх ёсгүй ээ гээд. Тэр зарчмыг л чухал гэж үзэж байна. Хөрш орнуудтайгаа хамтрах нь зөв л дөө. Гэхдээ монополь эрх олгох ёсгүй.
 
Их хурал, Засгийн газар маань энэ асуудал  дээр нэгдсэн байр суурьтай байж чадах уу?
Бодлого тодорхойлогчид бол мэдэж байгаа байх. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр ч урагшаа хоёр дахь гарцтай  болгоно гээд биччихсэн байгаа. Үндэсний аюулгүй байдлын  зөвлөл дээр ч бас төмөр замаа урагш нь холбоно, хажуу тийш нь ч яваандаа холбоно гэсэн байгаа. Асуудлыг шийдчихсэн гэж би бодож байна. Санхүүжилт олдох талаа хараад байх шиг байна.
 
Төмөр замдаа монголчууд эзэн байж чадахгүй , ОХУ-ын амыг хараад байна уу гэсэн эргэлзээ байна?
ОХУ-ын Засгийн газар, ард түмэн, манай  ард түмэнд ч ийм бодол байхгүй. Харин дотор нь гүйж байгаа компаниудын буруу мэдээллийг л ашиглаж байна гэж боддог. Түүнээс биш ОХУ-ын Засгийн газар Монголын төмөр замыг дангаараа барьж байя гэсэн  бодол байхгүй. Зүгээр замд нь мөнгө олчихъё гэж найдаж байгаа хүмүүсийн буруу үйлдэл байгаа байх гэж боддог.
Монголын төмөр замын найдвартай ажиллагаа, түүний бие даасан байдал хоёр хөршийн хийгээд олон орны эрх ашигт нийцнэ. Манайхан дургүй зүлдээ “ах нарын” нэрийг барьдаг нь хуучин сэтгэлгээ байлгүй дээ. Хөрөнгө мөнгө олдож байвал төмөр замаа сэлбэж, хөгжүүлж байх нь нэн чухал, үндэсний эрх ашгийн асуудал.
 
Хаврын чуулганаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах найдлага байна уу?
 
Дээр, дооргүй л үүнийг хүсч байгаа болохоор батлах байх аа. Хөрөнгө оруулагчид маань их яарахгүй байна гэж ойлгосон. Учир нь гэрээндээ  хатуу нөхцөл тавьсан байна лээ. Тэр  нөхцөлийг бол би эд нар жаахан хүлээж бай гэж байгаа юм байна аа гэж ойлгосон шүү.  Яагаад гэхээр , манайх хувьцаа авна гэхээр 9.9 хувийн хүү дээр АНУ-ын инфляцийг нэмээд, нэмэгдэл ашгийн  татвар авах босгыг маш өндөр тавьсан байна лээ. Ирээдүйн өртгийг тооцохдоо 0.299 гэсэн итгэлцүүр дээр нэмэх нь  инфляц гэж оруулсан байгаа. Олон улсын практикт энэ итгэлцүүр дээд тал нь  20 хувь байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Манай талд  ийм хатуу нөхцөл тавьж байгаа нь тухайн үеийн нөхцөлтэй холбоотой байсан байх аа. Одоо эдгээрээ эргэж харж үзэх байлгүй дээ.
Хоёрдугаарт, 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж гэрээний төсөлд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл , өнгөрсөн оны намар юм үнэтэй байхад 5 тэрбум ам. доллар гэж тооцож  байсныг одоо 3 тэрбум луу оруулах , багасгах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Айлын тал  тооцоонуудаа  эргэж харах сонирхолтой байх аа.
Мөн уул уурхайн салбарын эдийн засаг сайжраад ирэхээр арай хямдхан мөнгө зээл олох гээд хүлээж байна аа гэж ойлгосон.
2184 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Eej hairhanii Tagtaa, Ulij bui chono had
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com