
Өнөөдөр манай улсад геологийн бизнес маш эрчимтэй өсөн тэлж байна. Үүнийгээ дагаад геологийн шинжлэх ухааныг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус болон сонирхогчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Улсын хэмжээнд геологи, уул уурхайн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг хоёр сургууль байгаа нь өнөөдрийн байдлаар хангалттай мэт. Гэсэн хэдий боловч сурагч оюутнууд, мэргэжлийнхэн болон сонирхогч нарт ашиглах ном сурах бичиг, тайлбар номууд маш хомс байдаг. Уг мэдээллийн сангийн хомс байдлыг арилгахад нэмэр болох үүднээс “Эрдэс Чулуулаг“ номыг МУИС-ийн Геологийн сургуулийн Геологийн Шинжлэх Ухааны Доктор Профессор Ж. Бямбатай болон Геологийн чиглэлийн хамгийн анхны цахим хуудас Geos.mn –тэй хамтран бүтээлээ.

Одоогийн байдлаар манай улсад тус номтой дүйцхүүц ном хараахан зохиогдоогүй байгаа бөгөөд “Эрдэс Чулуулаг” ном нь геологи, уул уурхай, байгаль судлалын мэргэжлийнхэн болон сонирхогч нарт зориулсан мэргэжлийн түвшний тайлбар, мэдээллийн сантай гарын авлага юм. Тус ном нь нийт 400 гаруй эрдэс, чулуулгийн 1100 орчим зурагт тайлбар тодорхойлолтууд, эрдсийн 3-н хэмжээст зургууд болон 3500 гаруй үгтэй Англи Монгол Геологийн толь бичиг багтаасан 220 хуудастай бөгөөд хэвлэлийн өндөр чанартай юм.
Уг гарын авлага хэвлэгдэн гарснаар оюутан залуус, геологчид, уул уурхайн инженерүүд, байгаль судлалын мэргэжлийнхэн болон сонирхогчдын мэдээллийн санд ихээхэн нэмэр болоод зогсохгүй геологи, уул уурхай болон байгаль судлалын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчилан таниулaхaд зохих хэмжээний сурталчилгаа болж байгаа юм.
Гарын авлага нь мэргэжлийн хүнд зориулснаас гадна мэргэжлийн бус хүн ашиглах боломжтой, ойлгомжтой бөгөөд өндөр чанартай зурагт тайлбарууд байхаас гадна эрдсийн бүтцийг илүү ойлгуулах үүднээс 3D буюу гурван хэмжээст зургууд багтаж байгаа юм. Мөн тайлбар текстүүд нь мэргэжилийн үг хэллэгийг гажуудуулалгүйгээр энгийн байдлаар тайлбарласан нь мэрэгжилийн бус хүн ч аваад ашиглах боломжтой юм.
Зөвхөн геологит хэрэглэгддэг 3500 гаруй үг, хэллэг багтаасан Англи Монгол геологийн толь бичиг мөн багтжээ. Монголд хэвлэгдсэн Англи Монгол хэлний толь бичгүүд нь уул уурхай болон геологийн үг хэллэгийг хамтатгасан байдаг ба зарим үг хэллэгүүд байхгүй дутмаг байдаг.
Ийм учир зөвхөн геологит эрэглэгддэг түгээмэл Англи үг хэллэгүүдийг сонгон авч Монгол хэлрүү утга дүйцүүлэн хөрвүүлсэн.
Эцэст нь хэлэхэд “Эрдэс Чулуулаг” ном нь ижил төрлийн ном товхимолуудаас давуу тал ихтэй ном болж чадсан бөгөөд худалдан авсан хүн бүхний хэрэгцээг хангах чанартай ном юм. |